top of page

Гашуунсухайт авто замын засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100.000 гаруй тонн нүүрсийг экспортолдог.



Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  авто замын өнөөгийн нөхцөл байдлын тухайд:

Өдөрт тус замаар 1400 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байгаагийн 98.5 % нь давхар чиргүүлтэй буюу даац хэтэрсэн байдлаар нүүрс тээвэрлэлтийг хийж байна. Ингэснээр тус зам дээр өдөрт 4800 орчим тэвш явж байгаа нь замын эвдрэл, элэгдэлд өсөхөд нөлөөлж байгаа бөгөөд анх хийгдсэн ТЭЗҮ-гээсээ зургаа дахин өссөн тээвэрлэлт хийгддэг тухай холбогдох судалгаагаар тогтоожээ.

Авто замын тээврийн эрчим ТЭЗҮ-д зааснаар жилд 18 сая тонн нүүрс тээвэрлэх зориулалттай тус авто зам анх хүлээж авахад 6 см зузаантай байсан бол өнгөрсөн 2023 онд хийгдсэн дөрвөн багц урсгал засварын ачаар 52.8%-д нь 12 см зузаантай хучилтыг хийсэн бөгөөд жил болгоны хөрөнгө оруулалтын асуудал хэвийн хэмжээнд үргэлжилбэл хоёр жилийн дараа 239 км тус зам хүнд даацын 12 см зузаантай аспальтан зам болох бүрэн боломжтой юм байна.

2023 онд Эрдэнэс Монгол нэгдлийн хэмжээнд 35.1 сая тонн нүүрс тээвэрлэж, Монгол Улсын валютын нөөцийн 70 хувийг бүрдүүлж түүхэн амжилт тогтооход тээврийн нэвтрүүлэлт эрчимжсэнтэй холбоотой. Тээврийн менежментийн төлөвлөлт, зохион байгуулалтын зөв менежментийг хийж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, бүртгэл мэдээллийн програм хангамж, техник хэрэгсэл шинэчлэгдсэнээр нийт долоон систем, найман сервис ажилласнаар тээврийн хэрэгслийн шалган нэвтрүүлэлтэд 2-3 минут шаарддаг байсан бол 15-20 секундэд нэвтрүүлэх хурдны хүчин чадал нэмэгджээ.


Гашуунсухайт авто замын зам засварын ажилд 2024 онд 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдөж байгаагаас мэргэжлийн байгууллагаар замын шинэчилсэн ТЭЗҮ боловсруулах ажил 40%-тай явагдаж байна. Мөн “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн 2024 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажилд зам засвар арчлалтаас гадна Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд олон улсын стандартын дагуу хоёр байршилд жолооч нарыг амарч тухлан, хооллох боломжтой олон улсын жишигт нийцсэн амрах талбайг хоёр цэгт байгуулахаар тендерийн болоод гэрээний бичиг баримт боловсруулагдаж байгаа тухай холбогдох албаныхан мэдээллээ. Амрах талбайн байршил Цогт-Цэций болон Ханбогд сумын нутагт “Сүлжээ” гэж олонд нэрлэгдсэн 121 км-т барьж байгуулахаар төлөвлөж байна.



Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замд дундаж хурдыг хэмжих камеруудыг таван цэгт байршуулна

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 239 км замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрчмийг хянаж, удирдах чиглэлээр Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, гэрээт цагдаагийн хэлтэс, 3 уурхайтай нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар тогтмол хамтран ажилладаг байна.

Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Гэрээт цагдаагийн хэлтсээс өгсөн  зөрчил илрүүлэлтийн мэдээллээр  2022 онд 11369 зөрчил илрүүлж байсан бол 2023 онд 50905 болж энэ тоо 78%-иар нэмэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2022 онд 49 байсан бол 2023 тонд 245 болж 80%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

2024 оны байдлаар нүүрс тээврийн автозамын зонхилох шалтгаан нөхцөлд:

●     Чиргүүлээ унагаах 26%

●     Урсгал сөрөх 10%

●     Хурд хэтрүүлэх 23%

●     Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох 9%

●     Зогсож буй автомашины араас мөргөх 12%-ийг эзэлж байна. 

Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэс Монгол нэгдэл, Гашуунсухайт авто зам ХХК, Өмнөговь аймгийн Гэрээт цагдаагийн хэлтэс хамтран нүүрс тээврийн автозамын 5 цэгт камер байршуулах цэгийг тодорхойлж, байршуулахаар ажиллаж байгаа тухай холбогдох албаныхан мэдээллээ. 2024 оны эхний улирлын байдлаар нүүрс тээврийн авто замд 25 осол бүртгэгдсэн нь өмнө оны мөн үеээс 13 нэгжээр буюу 34.7%-иар буурсан үзүүлэлттэй байна.


Эх сурвалж: https://livetv.mn/

 

bottom of page